Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/12/04

Нефтийн үйлдвэрлэлийн шинэ ирээдүй

Манайх хэдийгээр нефтийн бү-тээг дэхүүнээ бараг зуун хувь импортоор хангаж ирсэн, цаашид ч импортолсоор байх ч Дорнодын Тамсагийн талд газрын тосны илэрц, нөөц чамлахааргүй бий нь жилээс жилд улам тодорч байгаа билээ. Сонины эхний нүүрийг хараарай. Газрын зураг дээр Тамсагийн талд хоёр ч газар Монголын далбаа мандуулсан байгаа. Тэр тэмдэглэгээнд хамаг учир бий. Тэртээ ерээд оныг эргэн саная. 1991 онд Газрын тосны тухай хууль батлагдаж, “Газрын тос” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийгдэх эрх зүйн орчин бүрдсэн. 1990-1991 онд Англи, АНУ, Оросын компаниуд манай газрын тос байх магадлалтай сав газарт хийгдсэн өмнөх судалгааны материалыг дахин боловсруулж, зарим судалгааг хийж эхэлжээ. Улмаар газрын тос байх магадлалтай 13 сав газар, 50 орчим дэд сав газрыг ялгасан байна. Ингэснээр газрын тосны хайгуул хийх хэд хэдэн талбайд олон улсын нээлттэй тендер зарлах нь тэр.


    1994 он. Австралийн СОКО компани Монголд орж ирж, Тамсагийн талын XIX, XXI талбайд “хар алтны” хайгуулын улаан туг хатгав. Газрын тосны хайгуулыг талын Монголд зоригтой, эрчимтэй эхлүүлсэн “Соко Тамсаг Монгол” компанийг 2005 оны хавар Хятадын “Дачин ойл Фийлд” компани худалдан авсан. Ингэснээр Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудын Монголын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүрэг “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанид шилжсэн юм. Хятадын үндэсний газрын тосны корпораци /CNPC/ -ийн харьяа “Дачин ойл Фийлд Лимитед” компанийн хөрөнгө оруулалттай тус компанийг монголчууд сайн мэднэ. Тамсагийн тал дахь үйл ажиллагаагаар нь. Сүүлийн жилүүдэд манай уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжихийн хэрээр бид Тамсагийн нефтьд улам их санаа зовинох болсон. Тус газрын гурван талбайд хайгуулын лиценз эзэмшиж буй “Дачин Тамсаг Монгол”-ыг сайлахаасаа муулах нь ихсэж, “…Монголын газрын тосыг Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нэрийн дор урд хөрш рүү зөөж дуусгаж байна. Манай Засгийн газар тэндээс хэдий хэмжээний тос олборлоод байгааг ч мэддэггүй ” гээд л хардах, зэмлэх нь ихэссэн. Тэгвэл өдгөө газрын тосны салбарын өнгөрсөн бараан мэдээллийг бүгдийг мартаад, ура хашгирч, урагшаа алхах цаг ирлээ.

Газрын тосны хайгуулын 17 талбайд үйл ажиллагаа явуулж
байгаа 12 компанийг танилцуулъя

-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг-ХХI, Буйр-XXII талбайнуудад,
-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен Газрын тос (Монгол)”ХХК БХГ-1997 талбайд,
-Канадын хөрөнгө оруулалттай “Шэйман” ХХК Нялга-XVI талбайд,
-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна Голден Сий Петролеум” Тариач-XV талбайд,
-Их Британийн Кеймэн аралд бүртгэлтэй “Петроматад лимитед”-н хөрөнгө оруулалттай
“ПетроМатад” ХХК Матад-ХХ талбайд,
-Швейцарийн хөрөнгө оруулалттай “DWM Petroleum AG” ХХК Цагаан элс-XIII,
Зүүнбаян-XIV талбайнуудад,
-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Зон Хэн ЮУ Тиан” ХХК Галба-XI талбайд,
-Монголын хөрөнгө оруулалттай “Шунхлай энержи” ХХК Сулинхээр-XXIII талбайд,
-Монголын хөрөнгө оруулалттай “М Си Эс Холдинг” ХХК Борзон-VII талбайд,
-Монголын хөрөнгө оруулалттай “Сансарын геологи хайгуул” ХХК Төхөм –Х (хойд),
Цайдам-XXVI талбайнуудад,
-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эн Пи Ай” ХХК Хөх нуур-XVIII талбайд
-Их Британийн Каймэний аралд бүртгэтэй “Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед”
Онги-V, Богд-IV талбайд
 Зураг дээр хоёр газар Монголын далбаа мандуулсан нь ч үүнтэй холбоотой. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу “Дачин Тамсаг Монгол”-ын Тосон –Уул –XIX, Буйр-XXII талбайн хайгуулын хугацаа энэ сарын 30-наар дуусгавар болж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд хайгуулын хугацааг 14 хүртэл жил, олборлолтын хугацааг 30 хүртэл жил гэж заасан байдаг аж. Хайгуулын хугацааг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан 14 жилээс цааш сунгаж болдоггүй учраас ирэх сарын 1- нээс Тамсагийн Тосон-Уул XIX, Буйр-XXII гэсэн талбай олборлолтод шилжинэ гэсэн үг. Харин Олборлолтын гэрээний хугацааг 20, 5, 5 гэсэн шатлалаар 30 хүртэл жилээр сунгаж болдог байна.
    Тэгэхээр ерээд оны дундуур Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын энгэрийг мялааж байсан газрын тосыг өнөөдөр олборлох хэмжээнд хүрлээ гэж ойлгож болох нь. Тодруулж хэлбэл, хоёр ч талбайн хайгуулын хугацаа дуусаж, олборлолтод шилжиж байгаатай холбоотойгоор аль аль талын хийх ажил ундарч, үүрэг хариуцлага нь өндөрсөнө. Нэг үгээр, Монгол Улс газрын тосны баталгаат нөөцөө зарлаж, олборлолтын орон боллоо гэж үзэж болох нь. Ингэхийн тулд “Дачин Тамсаг Монгол” компани дээрх хоёр талбайн Баталгаат нөөцийн тухай мэдээллийг манай Засгийн газарт энэ сарын 30-нд анх удаа мэдэгдэх юм байна. Үүнийг Эрдэс, баялгийн зөвлөлөөр хэлэлцээд, Монголын газрын тосны Тосон-Уул XIX, Буйр XXII талбай ийм хэмжээний нөөцтэй гэж албан ёсоор зарлах аж. Ингэж зарласнаараа манай нөөц болоод олборлож байгаа хэмжээ нь тодорхой биш байдаг газрын тосны тухай тод томруун баримт мэдээлэлтэй ярьж хэлэх боломж бүрдэх нь. Уг бүтээгдэхүүний олборлолттой холбоотой элдэв яриа, хардалт сэрдэлтэд ч цэг тавих болно. Гэхдээ манай төр, засгийн бодлого тодорхойлогчид өнөөдрийн боломждоо түшиглэн газрын тосны салбарын алсын хараатай бодлого боловсруулж чадвал шүү дээ.
     Удтал хайгуул хийсэн талбайн батал гаат нөөц зарлагдахтай холбоотойгоор газрын тосны төрийн бодлого хэрхэн цэгцэрч байна вэ гэдэг асуулт гарч буй юм. Иргэдийн дунд Тамсагаас гарч байгаа газрын тосыг бага гэж гололгүй боловсруулах үйлдвэр барьж, дотоодын зах зээлдээ нэмэр хийх хэрэгтэй байна гэсэн хүсэлт, хүлээлт жилээс жилд улам гүнзгийрч байгаа. Монголчуудын энэ хүсэлт хүлээлт шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчдын ой тойнд хоногшихоор он удаан жил өртөөлөн нисэж буй. Тийм болохоор тэд өнөөдөр үүсэж буй боломж нөхцөлдөө тулгуурлаад нэгийг бодож, хоёрыг хийсэн байх учиртай. Энэ талаар лавлаж, сураглаад үзлээ.
     Газрын тосны боловсруулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөлтэй гурван компани, 17 төсөл бий аж. Эдгээрийн дотор Япон, Австрали гээд цөөнгүй өндөр хөгжилтэй орны санхүүжилттэй төсөл бий. Хамгийн том нь Дархан-Уул аймагт байгуулах жилдээ 2.0 сая тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийн төсөл байгаа бол технологи сайтай жижиг үйлдвэр байгуулах төслүүд ч нэг биш байгаа. Эдгээр төслийн талаарх мэдээлэл Эрдэс, баялаг эрчим хүчний яамнаас эхлээд хүрэх ёстой газруудадаа хүргэгдэж, танилцуулагдсан байдаг юм билээ. Зарим нь яригдаад гурав, дөрвөн ч жил болж буй санагдана. Гэсэн хэдий ч ажил хариуцаж, бодлого тодорхойлогчдын амнаас энэ талын мэдээлэл огт гарахгүй байгаа нь хачирхалтай.
     Гадна дотнын хэдэн сая, тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалт Тамсагийн талд шингэж, түрүүчийн талбайн баталгаат нөөц, техник эдийн засгийн үндэслэл нь тодорхой болоод байхад дэлгэж харж, сонирхон үзэх ёстой бичиг цаасандаа салхи ч оруулахыг хүсэхгүй суугаа бодлого боловсруулагчдын урагшгүй байдлыг юу гэж ойлгох вэ. Угтаа бол “Дачин Тамсаг Монгол”-ын удахгүй дэлгэн тавих баталгаат нөөцтэй газрын тосны төрийн бодлогыг зэрэгцүүлэн тавьж суух ёстой бус уу. Гэтэл газрын тос байх магадлалтай талбай руу Хятад, Канад, АНУ, Англи, Австрали, Швейцарь, Монголын хөрөнгө оруулагчид хошуурч, хайгуулын ажилд шамдан байна.
     Цаашид Дорнодын талын хэчнээн ч хайгуулын цооногоос газрын тос цоргих юм билээ, хэн мэдлээ. Газрын тос байх магадлалтай талбай бүрийг эзэнтэй болгож байгаа гэдгээ Газрын тосны газрынхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 17, 18 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байх жишээтэй. Хэдийгээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ дэлхийн шилдэг арван гэрээний тоонд ордог ч газрын тосны хайгуулын ажил там тум байсан ерээд онд СОКО компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ үнэндээ манай талд ашиггүй шахуу хийгдсэн гэдгийг албаныхан ч нуудаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэдэг утгаараа СОКО-д үзүүлсэн татварын хөнгөлөлт чөлөөлөлт их. Тэр хөнгөлөлт чөлөөлөлтийн эрхийг “Дачин Тамсаг Монгол” эдэлсэн хэрэг. Харин Газрын тосны газрынхан сүүлийн жилүүдэд хийгдсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээндээ Монголын талын хувийг 40-өөс доошгүй, хэтдээ 60 хүртэл байхаар тусгаж байгаа гэнэ.
     Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудын 34 хувь нь Хятад, 40 хувь нь Монгол, 20 орчим хувь нь Канадын хөрөнгө оруулалттай байгаа гэсэн. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд л арван талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Эндээс үзэхэд, газрын тосны салбарын ирээдүйн хөгжлийн талаар тодорхой бодлого хэрэгтэй байна. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох хэрэгтэй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвш өөрдөг. Гэхдээ хий хоосон ярих биш, хийж хэрэгжүүлэхийг цаг үе шаардаж буй. Нэн тэргүүнд Эрдэс, баялаг эрчим хүч ний яам тэрхүү өрсөлдөөд байгаа олон боловсруулах үйлдвэрийн төслөөс шүүн тунгааж, Монголын нөхцөлд ямар технологитой, хэдий хэмжээний хү чин чадалтай үйлдвэр байх вэ гэдгийг тодор хойлох ёстой. Үүнийг л иргэд болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хүлээж байгаа.
     Уг нь сураглаад байх нь ээ, газрын тосны асуудлыг хариуцсан Ажлын хэсэг хэдийнэ байгуулагдсан юм билээ. Гэхдээ Ажлын хэсэг зүгээр суугаагүй ч боловсруулсан тодорхой асуудалгүй байгаа бололтой.
     Боловсруулах үйлдвэр байгуулах хэцүү, тэр дундаа газрын тосны үйлдвэр байгуулах нь бүр ч хүндрэлтэй. Тэглээ гээд бэргэж болгоомжлоод суух биш, Монголд нефтийн үйлдвэрлэлийн шинэ ирээдүй ирлээ гэдгийг ухаараасай билээ.
     Монгол нутгаас оргилох газрын тосны хэмжээ нэмэгдэх хандлагатайг тус салбарын эрдэмтэн мэргэжилтэн, бизнес эрхлэгчид хэлж байгаа. 1998 оноос өнгөрсөн оны сүүлч хүртэл XIX талбайгаас 3.7 сая баррель түүхий тос урд хөршид экспортолж, түүхий тосны борлуулалтаас улсад 1.2 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Хоёр ч орд олборлолтод шилжиж байгаагаас гадна Монголын хөрөнгө оруулалттай компанийн эзэмшлийн Матад XX талбайн хайгуулын ажиллагаа ч ихээхэн итгэл найдлага төрүүлж, өөдрөг байгааг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.
     “Петровис” компанийн хөрөнгө оруулалттай “Петро Матад” компанийг олон улсын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй компани мэднэ. Лондоны хөрөнгийн биржэд арилжаалагддаг тус хувьцааны ханш өсч юм уу, тогтворжсон үзүүлэлттэй л байна уу гэхээс уруудаад байдаггүй. Хайгуулын ажлаа ч гадаадын компаниас дутахааргүй эрчимтэй явуулж байгаа. Матад XX талбайгаас ойрын хугацаанд нефть оргилж магадгүй гэсэн найдлага тавьж байгаагаа мэргэжилтнүүд онцлон сонирхуулж байна лээ. Тэгэх юм бол Монголын хөрөнгө оруулалттай компани эх нутгаасаа газрын тос олж илрүүлж байна гэдэг утгаараа бидний хувьд бүр ч илүүтэй олзуурхах баярт үйл явдал болох нь мэдээж.
     Өнгөрсөн онд тус талбайгаас хоногт дунджаар 3600 баррель, нийт 1.29 сая баррель тос олборлож, 1.26 сая баррелийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад олборлолт 32.4 хувь, экспорт 32 хувиар тус тус нэмэгдсэн байх жишээтэй. “Петрочайна Дачин Тамсаг Монгол”-ын Тамсаг XXI талбайн хайгуулын хугацаа 2012 оны нэгдүгээр сарын 30-нд дуусах юм. Гэтэл өнөөдөр манайд Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны стандарт, байгаль орчны нөхөн сэргээлт, ажиллах хүчин хийгээд, мэргэжилтэй боловсон хүчний асуудал гээд шийдэх асуудал шил шилээ харан байна. Үүнээс гадна аль 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хууль шинэчилсэн найруулга шаардаж байгаа, олборлолтын ил байгууламж барьж байгуулах, газрын тосны нөөцийн тайлан тооцоог зохих журмын дагуу хянаж, хүлээн авдаг болох гээд цаг алдалгүй шийдэх асуудлууд зуун задгай байна.
     Одооноос л “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн тухай ярьж эхэлж байна шүү дээ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.