Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/11/16

Тэрбумаар нь ашиг олох нефтийн цооног илрүүлжээ


Стратегийн орд газруудын ашгаас "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь" болгон олгохоор ард түмэндээ амласан улс төрийн намуудын амлалт өнөөдөр ч биелэлээ олоогүй байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Засгийн газар энэ тал дээр нэлээд арга хэмжээ авсан. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Оюутолгойн ашигт малтмалыг ашиглах талаар "Рио Тинто" болон "Айвенхуо майнз"-ын хамтарсан багтай хэлэлцээр хийж байгаа. Эхний үед хатуу шаардлага тавьж байсан "Рио Тинто" өнгөрсөн хугацаанд арай зөөлөрч, хэлэлцээр мухардлаас гарч эхэлсэн. Харин Тавантолгой төслийн хувьд БНСУ-ын "КОРЕС" байгууллагын ахалж байгаа тус улсын 11 консерциум, ОХУ-ын гурван консерциум, АНУ-ын "Пибоди энержи", Японы "Мициу", "Иточу", "Сожиц", Энэтхэгийн "Жиндал Стийл энд Поэвер", Бразилийн "Вале", "Хятадын "Шинхуа энөржи" компанийн төлөөлөгчид саналаа ирүүлсэн. Тэдгээрийн саналыг ажлын хэсэг судалж байгаа.



Оюутолгой болон Тавантолгойн орд газрын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж амжаагүй байтал хятадууд Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлоод багагүй хугацааг үдэж байна. Анх газрын тос Матадаас олдоход Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат баярлахдаа дээлийнхээ тосоор мялааж байсан удаатай. Түүнээс хойш нэг хэсэг нефтийн тухай ярих нь ховордсон ч тухайн үед илрүүлсэн цооногоос хятадын компани нефть олборлосоор байсан билээ.

Хэд хэдэн газарт хайгуулын ажил хийж байна гэдгээс өөр мэдээлэлгүй байсан монголчуудад саяхан сайхан мэдээ сонсогдсон. Матадын "XX" талбайгаас газрын тос дахиад олдсон байна. Уг нь 2006 оноос эхлэн "Петро Матад Лимитед" хэмээх компани тус сумын нутагт газрын тосны хайгуулын судалгаа хийж байсан.

Судалгаа хийж эхэлснээс хойш нефть байж болзошгүй 11 жижиг цооног илрүүлжээ. Гэхдээ дээрх цооногуудын нэг нь ихээхэн найдвар төрүүлж байгаа аж. Энэ орд бол Давсан толгой гэдэг нэртэй цооног аж. Давсан толгойн цооногт хийгдсэн хоёр хэмжээст чичирхийллийн судалгаагаар газрын тосны нөөцийг 19 сая баррель хэмээн таамаглаж тогтоосон байна. Харин өнгөрсөн хугацаанд хийсэн гурван хэмжээст сүүлчийн судалгаагаар энэ нөөцийн орд 58 сая баррель газрын тос байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан төдийгүй энэ нь цаашид нэмэгдэх боломжтойг судалгаа харуулжээ.

Хэрвээ Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн ордоо ажиллуулаад эхэлсэн бол жилд хоёр тэрбум ам.долларын цэвэр ашиг олох бололцоотой байсныг Ерөнхийлөгч Н.Энхбаяр сүүлийн үед сануулсаар байгаа. Тэгээд ч нефтийн чамгүй нөөцтэй гэгдэж байгаа Давсан толгойн нөөцийг бүрэн судалж чадвал Монгол орон жилд зөвхөн дээрх гурван толгойгоос гурван тэрбум ам.долларын орлого олж, иргэн бүрт хувь хүртээж болох юм гэдгийг судлаачид хэлж буй.

Монголчуудын саалийн ганц үнээ гэгддэг "Эрдэнэт" үйлдвэрийн алт, зэс, молибденийн нөөцийг 2040 онд дуусна гэсэн тооцоо бий. Гэхдээ Давсан толгойг ашиглаж эхэлбэл "Петро Матад Лимитед" компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан учир ашиг нь 100 хувь манай улсад орж ирэхгүй аж.

2 comments:

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.