Манайх хэдийгээр нефтийн бү-тээг дэхүүнээ бараг зуун хувь импортоор хангаж ирсэн, цаашид ч импортолсоор байх ч Дорнодын Тамсагийн талд газрын тосны илэрц, нөөц чамлахааргүй бий нь жилээс жилд улам тодорч байгаа билээ. Сонины эхний нүүрийг хараарай. Газрын зураг дээр Тамсагийн талд хоёр ч газар Монголын далбаа мандуулсан байгаа. Тэр тэмдэглэгээнд хамаг учир бий. Тэртээ ерээд оныг эргэн саная. 1991 онд Газрын тосны тухай хууль батлагдаж, “Газрын тос” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийгдэх эрх зүйн орчин бүрдсэн. 1990-1991 онд Англи, АНУ, Оросын компаниуд манай газрын тос байх магадлалтай сав газарт хийгдсэн өмнөх судалгааны материалыг дахин боловсруулж, зарим судалгааг хийж эхэлжээ. Улмаар газрын тос байх магадлалтай 13 сав газар, 50 орчим дэд сав газрыг ялгасан байна. Ингэснээр газрын тосны хайгуул хийх хэд хэдэн талбайд олон улсын нээлттэй тендер зарлах нь тэр.