Монгол Улс өөрийн экспортолж олсон валютынхаа нөөцийг буцаагаад нефтэнд өгчихдөг. Шатахууны үнэ тогтворгүйгээс болж эдийн засагт байнга сөргөөр нөлөөлдөг зэргээс үзэхэд Монголд нефть боловсруулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй болсон. Дотооддоо газрын тос боловсруулснаар Монгол Улс дотоодын олж байгаа валютын нөөцөө хадгалах, бензин, дизель, онгоцны түлш гэхчилэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд ирэхээр нэмүү өртөг үүсч, ингэснээр ДНБ-ээ өсгөх том ач холбогдолтой юм. Үүнээс гадна энэ үйлдвэр ажиллсанаар улсад нэмүү өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн албан татвар гээд их хэмжээний татвар төлж төсөвт их хэмжээний орлого орох, стратегийн ач холбогдолтой гэж үзжээ.
Газрын тосны үйлдвэр нь маш нарийн технологитой учраас хүссэн улс орон болгон бариад байдаггүй. Энэ утгаараа технологийг нь эзэмшсэн туршлагатай компанитай харьцаж ажиллах шаардлагатай. Ийм компанийн тоонд Японы "Тоёо инженеринг" болон "Марубени" гэсэн хоёр том корпораци зүй ёсоор ордог байна. Тоёо инжениринг" компани нь нефть химийн үйлдвэр байгуулдаг мэргэжлийн инженерингийн компани бөгөөд сүүлийн 40-өөд жил дэлхийн 60-70 оронд 1400 төсөл хэрэгжүүлсэн. Нефть боловсруулах үйлдвэрийг зөвхөн Японд бус хилийн чанадад барьж байсан мэргэжлийн компани аж. Эднийх одоо баригдах үйлдвэрийн бүх зураг төслийг нь хийж, бариулж, ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн бол "Марубени" компани санхүүжилт, бизнесийн орчин, эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах юм байна. Газрын тос боловсруулах үйлдвэрлэл явуулахад цахилгаан огт тасалдахгүй дэд бүтэц сайн хөгжсөн байх шаардлага тавьдаг байна. Энэ утгаараа Дархан-Уул хотыг сонгож үйлдвэрээ байгуулахаар болсон байна. Эл үйлдвэр нь хоногт 44 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай. Энэ нь манай орны шатахууны хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэнэ. Монгол Улсын өнөөгийн импортын хэрэглээн дээр үндэслэн ЭБЭХЯ болон Газрын тосны хэрэг эрхлэх газар хамтран 2014-2020 он хүртэлх Монгол Улсын бензин дизель түлшний хэрэглээ ямар хэмжээнд хүрэх талаар урьдчилсан төлөв гаргасан байна. Энэ судалгаагаар 2015-2016 онд хэрэглээ нэлээд хэмжээгээр өсөх боловч хоногт 44 мянган баррелийн хүчин чадалтай үйлдвэр хангалттай гэж үзсэн. Тэгээд ч газрын тос боловсруулах үйлдвэрийн хамгийн бага хүчин чадалтай үйлдвэр нь хоногийн 44 мянган баррель тос боловсруулах хүчин чадалтай байдаг. Үүнээс доош хүчин чадалтай болоод ирэхээр эдийн засгийн хувьд ашиггүй болдог байна. Газрын тосны үйлдвэрлэл явуулдаг өндөр хөгжилтэй орнуудын дийлэнх нь 44 мянган баррелиас дээш түүнээс 2-3 дахин их хүчин чадалтай үйлдвэртэй байдаг юм байна.
Тамсагт өнөөдрийн байдлаар хоногт 2-3 мянган баррель нефть олборлодог. Одоо үйлчилж байгаа гэрээгээр үүний дөрөвний нэг нь манай улсад оногддог. Үлдсэн хувийг Хятадын компани авч байгаа гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс 2014 он болоход өдөрт 44 мянган баррель нефть Монголоос олборлоод гарахгүй гэж үзэн тус үйлдвэр нь түүхий эдээ ОХУ-аас импортлохоор өнгөрсөн наймдугаар сард гэрээгээ байгуулаад байгаа аж. Өнөөдөр ОХУ-аас импортоор оруулж ирж хэрэглэж байгаа бензин, дизелийн түлш нь дэлхийн стандартыг хангадаггүй гэдэг. Тэгвэл манай үндэсний үйлдвэрийн ирээдүйд боловсруулан гаргах бүтээгдэхүүн нь дэлхийн олон улсад мөрдөгддөг стандартад нийцсэн байх гэнэ. Дэлхийн стандарт нийцсэн бензин дизелийн түлш нь дотроо хүнд хар тугалаг, хүхэр зэрэг металиуд ялгарахгүй учраас хүн амын эрүүл мэндэд тустай болох юм.
Японы дундаж жишгээр авч үзэхэд манайд баригдах хэмжээний үйлдвэрт зөвхөн инженер, техникийн ажилтан гэхэд 600 хүн ажилладаг байна. Техник, эдийн засгийн үндэслэлийг ингэж тооцсон учраас манайх тэрхүү 600 ажилтныхаа 50 хүнийг Японд жилийн хугацаанд сургаж бэлтгэхээр болсон байна. Энэ 50 хүн нь удирдах, мэргэшсэн инженерүүд байх аж. 220 хүнийг Японоос сургагч багш Монголд ирж сургах бол үлдсэн 300-аад хүнийг дотоодын мэргэжлийн сургууль төгссөн хүмүүсээс бүрдүүлнэ гэж тооцоолжээ. Эдгээр суралцагсдын зардлыг Японы "Жайка" байгууллагаад даах болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Эл үйлдвэр нь байгаль орчинд ямар ч халгүй бөгөөд Японы талаас энэ үзүүлэлтийг чухалчилж санхүүжилт олгодог байна. Энэ үйлдвэрлэл нь нүүрс хэрэглэхгүй учраас агаарын бохирдолд сөргөөр нөлөөлөхгүй. Их хэмжээний ус хэрэглэх боловч түүнийхээ 90 хувийг дахин ашиглах боломжтой гэнэ.
“Өдрийн сонин”
Д.ЦОГЗОЛМАА
japand ajilj baigaa organik bolon neftiin himeer surch baigaa oyutnuudiig tatah ajil hiij baigaa yum bolov uu
ReplyDeletesain medehgui yumaa. turiin bodlogoor zohitsuulagdah biz
ReplyDelete