Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/04/12

Монголын нефтийн гол ордуудыг Хятадууд эзэмшиж байгаа

Дэлхийн нефтийн 95 хувийг хангадаг 87 сав газрын 150 гаруй ордын геологи, геофизикийг судалсан доктор Клейме Монголын нефтийн тухай мэдээллийг судлаад, сав гаруудынх нь боломжийг Судан, Энэтхэг, Хятад гурван улсынхтай төстэй гэж нэгэнтээ дүгнэсэн байдаг. Анх 1997 онд Дорнод аймгийн Матад сумын “Тосон уул” хэмээх газарт нефть оргилон гарч байсан саяхан. Гэхдээ нефтийг бид нэршлээс нь цаашхи ойлголтуудыг бараг мэдэхгүй гэхэд болно доо. Энэ тухай МУИС-ийн Шинэ материалын хими технологийн төвийн багш, доктор, профессор Э.Нордовтой ярилцлаа. Тэрбээр 1960 онд Москвагийн их сургуулийн нефть химийн тэнхимд нарийн мэргэжил эзэмшсэн. МУИС-д 50 гаруй жил багшилж, эрдэм шинжилгээний ажил хийжээ. Сэтгүүлч бид алив хүнтэй ярилцахдаа тухайн хүний албан тушаал, эрдмийн зэрэг дэвийг нь аль болох зөв орхигдуулахгүй бичихийг хичээдэг. Гэтэл бидний ярилцсан энэ буурал эрдэмтэн, доктор, профессор гэж онцлоод хэрэггүй. Зүгээр эрдэм шинжилгээний ажилтан гэж бич. Та нар доктор, профессор Эйнштейн , Менделеев гэж бичиж байхыг харсан уу. Ер нь сүүлийн үед хүмүүс өөрийгөө танилцуулах гэж нэг их олон цол гуншин дурддаг болж. Жижиг эрдэмтэд, жижиг хүмүүс л нэг их сүрхий хүн болох гэж өөрийгөө чимдэг юм. Агуу эрдэмтэд бол зүгээр эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн гээд л хэлэхэд болдог. Гэхдээ би өөрийгөө нэг их агуу амьтан гэж хэлж байгаа юм биш. Ер нь хүний нэрийн хуудсанд ч өч төчнөөн мөр цол гуншин, гавьяа шагнал дурдсан байдаг нь бүдүүлэг санагдаад байдаг юм хэмээн бид хоёрын ярилцлага эхэллээ.

-Монголд ер нь нефтийн нөөц хэр байдаг вэ?
-Монголын нефтний хайгуул бүр 1920-иод оны үеэс эхэлсэн байдаг юм билээ. Америкийн эрдэмтэд Монголын говьд нефть байж болох юм гээд судалсан байдаг. Дараа нь хуучнаар ЗХУ-ын геологчид, манай хэсэг геологчид хамтран судалсан. Хамгийн түрүүнд 1940-өөд онд Дорноговийн Зүүнбаянд нефть байна гэдгийг тогтоож 1950-иад оны үед нефть боловсруулах жижиг үйлдвэр байгуулсан юм билээ. Тэр үеийн Монголын хэрэгцээний 20-30 хувийг хангах хэмжээтэй нефть боловсруулах үйлдвэр барьсан байгаа юм. Дараа нь Дорнод аймгийн хэд хэдэн сумд нефтийн илрэл байгаа нь тодорхой болсон. Дорноговийн сав газрын нефтийн нөөц нь хомсдоод цаана нь Цагаан элс хэмээх газар нефть олсон боловч их чанар муутай. Халуун 30 хэм байхад хоолойноос гарч байгаа нефть нь бүдүүхэн хиам шиг өтгөн гарч байсан. Уг нь шингэн зүйл урсаж байх ёстой доо. Гадаад нөхцөл ч их шалтгаалсан.ЗХУ-ын Дорнод Сибирт асар их нефтийн нөөц олчихсон. Тэгэхээр Монголын энэ цооногийг хаая. Оросоос хэрэгцээний нефтээ авчих. Танайх ашиггүй муутай жижиг үйлдвэрээр яах вэ гээд Оросууд хэлээд хаасан байдаг юм. 1960-аад оны дунд үеэр нефтийн судалгаа, хайгуул, үйлдвэрийг бүгдийг хаасан. Гэхдээ ЗХУ-д дахин хандаад Монголд ер нь нефтийн нөөц байна уу гэдгийг судлуулахаар болсон байдаг. Тухайн үед Оросын нэртэй эрдэмтэд манайд ирсэн юм билээ. Тэдний хийсэн дүгнэлт нь Монголд нефтний жижиг, жижиг нөөц байна. Үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах нөөц байхгүй. Яг хэлсэн үг нь”жижиг үхрийн баас шиг орд” байна гэж дүгнэсэн байсан. 1990 оны ардчилсан хувьсгал гарч бүх зүйл орвонгоороо эргэсэн. Гадаадын эрдэмтэн, судлаачид ирж танай геологийн тогтоцыг харахад нефть байх бүрэн боломжтой гээд дахин 1993 оны үеэс нефтийн хайгуул, судалгааны ажил дахин эхэлсэн юм даа. Гадаадынхан янз бүрийн дүгнэлт гаргасан л даа. Хятад, Канадын компаниуд сонирхож орж ирсэн. 1993 оноос хойш одоог хүртэл нефтийн том орд олдоогүй л байна шүү дээ. Хятадууд л их сонирхоод байгаа нь цаана нь нэг найдвар байгаа учраас мөнгө хаяж байгаа болов уу. Манай газрын тосны дарга Амарсайхны хэлж байгаагаар 1,6 тэрбум тонн нефтийн нөөц Монголд байна гэсэн. Үнэхээр тийм байдаг юм бол Монголын хэрэгцээ жижиг шүү дээ. Хоёр сая тонн нефть боловсруулахад бүрэн хангаад өшөө цаашаа илүү гарахаар л даа. Гэтэл нэг аюултай нь тэр ямар нөөц вэ. Ер нь ашигт малтмалд нэг аюултай юм байдаг. Ерөнхий нөөц бол юу ч биш. Ашиглаж болох нөөц гэдэг нь чухал. Магадгүй миллиард 600 сая тонн гэдэг нь ашиглаж болохгүй нөөц байхыг мэдэхгүй шүү дээ.

-Яагаад ашиглаж болохгүй гэж?
-Эдийн засгийн хувьд нэг дор байна уу, үгүй юу. Орчин үеийн технологиор авч болох нь уу, олон жижиг тарсан нөөц байх юм бол ашиггүй. Тэрний оронд ядаж нөөцтэй газрын гуравны нэг нь нэг дор байх юм бол эдийн засгийн ашигтай. Эдийн засаг гэдэг чинь сонин шүү дээ. Чамд сонирхуулж хэлэхэд “Ашиггүй бол алтыг ч ухаад хэрэггүй. Ашигтай бол жорлонг ч ухах хэрэгтэй” гэдэг юм билээ. Одоогийн байдлаар Монголд ашигтай нөөц нь тэд байна гэсэн зүйл алга.

-Газрын тосны мэдээллийг хэн хэлээд байгаа юм бэ?
- Чухал ордууд дээр Хятадууд орчихоод байна. Тамсагийнх дээр “”Петро Чайна” гэж компани, Дорноговийн Зүүнбаянд “Дачин” гэж компани эзэмшээд байна л даа. Тэд л ийм урьдчилсан таамаг хэлээд байгаа хэрэг.

-Бидний ахуй дахь нефтийн тухай ойлголт бараг бензинээр хязгаарлагддаг гэчихвэл та санал нийлэх үү?
-Тийм л дээ. Гэхдээ нефтээс зөвхөн бензин гардаггүй Түлшний чиглэлийн бүхий л түүхий эдийг гаргаж авдаг. Цахилгаан станцыг хангадаг. Энэ бол зөвхөн нэг чиглэл нь. Химийн үйлдвэрийн гол түүхий эд. Ер нь дэлхий нийтийн сүүлийн үеийн чиг хандлагыг харахад химийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах тал руугаа нэлээд өсөх хандлагатай байна. Янз бүрийн хуванцар материал хүртэл гаргаж авахад үндсэн түүхий эд нь болдог юм. Тэгээд ч бидний эдэлж хэрэглэж байдаг бүхий л зүйлд нефть ордог. Сүүлийн үед Нефть боловсруулах үйлдвэр байгуулах талаар их ярьж байна. Манайхан дотор хоёр үндсэн санал яваад байгаа. Нэг нь жижигхэн 100 мянган тонн ч юмуу нефть боловсруулах үйлдвэр, нөгөө нэг санал нь 1-2 сая тоннын боловсруулах үйлдвэр байгуулья гэж. Дэлхий нийтийн том орны жишгийг харахад сая тонноос дээш нефть боловсруулж байж эдийн засгийн хувьд ашигтай гэж үздэг. Тийм ч учраас Хятадууд олон жижиг үйлдвэрээ хаасан. Оросынх бол 10 сая л гэж ярина шүү дээ. Орост оюутан байхдаа Нефть боловсруулах үйлдвэрт дадлага хийж байлаа. 10 сая тонн нефть боловсруулах үйлдвэр нь Улаанбаатарын дөрөвний нэг шиг тийм том талбайтай нүсэр том байгууламж байсан. Манай Тамсагийн нефтийг нэрэхэд дунджаар 13-15 хувийн бензин гардаг. Дорноговийн нефтнээс ердөө 5-7 хувь бензин гардаг ашиг муутай. Хамгийн гол нь их бензин гаргаж авахын тулд нэмэлт боловсруулалт хийдэг. Үлдэж байгаа хэсгийг нь задлан боловсруулдаг.

-Задлан боловсруулахаар бензин нэмэгдэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Нөгөө 15 хувийн бензин чинь 30 болтлоо өснө. Задлан боловсруулах процесс нь өөрөө маш их өртөг шаарддаг. Дараагийн нэг хэсгээс нь керосин гаргадаг. Мазут гаргана. Цаана нь бас зөндөө өтгөн үлддэг. Хөгжилтэй улс орнууд түүнийг нь дахин боловсруулаад морфин тос, янз бүрийн химийн бүтээгдэхүүн гаргадаг. Бүр үлдсэнээр нь замын хар гаргаад хаягдалгүй шахуу ашигладаг. Гэхдээ нефтийн үлдэгдлээс янз бүрийн хортой хаягдлууд гарна л даа.

-Нефтийн доторхи органик гаралтай нэгдлүүдийг задлаад хүнсэнд хэрэглэх талаар дэлхийн эрдэмтэд судалж байгаа гэсэн?
-Ер нь хүн нефть “идэж”, машин устөрөгчөөр явах цаг ирэх нь л дээ.Шинжлэх ухаанд ийм зүйл ноёрхох хандлага гарч ирээд байгаа. Байгаль дээр байгаа амьд зүйлийг амьгүй юм болгохдоо нефть, нүүрс, ус, мод, ургамал зэргийг хүнс болгон хувиргах чиглэл ирээдүйд давамгайлна гэсэн үг. Нефтээр ажилладаг машин хэрэглэхээ больж устөрөгчийн эсвэл цахилгааны хөдөлгүүртэй машин хэрэглэх чиглэл ирээдүйд ноёрхоно. АНУ, Япон цахилгаанаар ажилладаг жижиг машин хийж туршиж л байна. Нефтнээс хүнс гаргаж болох уу гэж та их зөв асуулаа. Дэлхийн хүн амын хурдацтай өсөлттэй уялдаж хүнсний гажуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Үүнтэй холбогдоод шинжлэх ухааны ерөнхий хандлага бол хүн идэж болох зүйлийг хүнсний биш зүйлд ашиглахгүй харин эсрэгээр хүн идэж болдоггүй зүйлийг яаж хүнд хэрэгтэй хүнс болгох вэ гэдгийг судалж байна л даа. Өнөөдрийн судалгаанаас аваад үзэхэд эсрэг чиглэл илүү явж байна. Сүүлийн үед био бензин, эко бензин гаргаж авч боловсруулж эхэллээ. Манайд ч хэсэг залуус эко бензин гаргаад авсан шүү дээ.

-Эко бензинийг яаж гаргаж авдаг юм бэ?
-Манай хэд спирт гаргаж аваад Оросоос авч байгаа бензин дээрээ 5-10 хувьд нь хольж байгаа юм. Тэгэхээр 10 хувийг нь дотооддоо гаргаж авч байгаа биз дээ. Спиртийг чинь ургамлын хог хаягдал, үр тариа юунаас ч гаргаж авч болно. Жаахан задлаад л гаргаад авчихдаг. Шинжлэх ухааны талаасаа зөв юм биш л дээ. Гэхдээ би магистр, доктор хамгаалж байгаа залууст хэлдэг юм. Шинжлэх ухааны ирээдүйн хандлага биш. Өнөөдрийн хувьд ингэж болох л зүйл гэдэг. Нефтнээс хүнсний зүйл гаргаж авч болох уу гэдэг асуудал тань ирээдүйн асуудал боловч нэг их ахицтай судалгаа, шинжилгээ дэлхий нийтэд алга. Харин гоо сайхны косметикд хэрэглэдэг. Хүүхнүүдийн гоо сайхны тос, вазелинд хэрэглэж байна.

-Яг юуг нь ялгаж авч гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг юм бол? Хүнд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Порфиноос гаргаж аваад боловсруулж гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Арьс зөөлрүүлэх үйлчилгээ илүү үзүүлдэг.

-Нефть чинь өөрийн гэсэн түүхэн замналтай л байж таарна даа? Анх яаж нефтийг гаргаж авсан, хэн нээсэн юм бол?
-Анх Х1Х зууны дунд үед АНУ-д, дараа нь Орост нефтийг нээсэн. Кавказад бол самогон нэрж байгаа юм шиг л бензин керосин хоёрыг ялгадаг байсан юм билээ. Тэр үед машин байгаагүй. Бензинийг нь зүгээр асгачихдаг байж. Тэгээд жаахан керосин гаргаад түүгээрээ гэртээ гэрэл гаргадаг байсан байгаа юм. Сүүлдээ автомашин гараад ирэхээр хаяж байсан бензинээ хэрэглэдэг болжээ. Керосиноор дэн асааж байсан бол цахилгаан хэрэглэдэг болж өргөн хэрэгцээнд оржээ. Гэхдээ түүхчдийн ярьдгаар Чингис хааны үед нефтийг газрын тосыг байлдаанд хэрэглэж байсан гэдэг. Газрын тосыг юманд шингээгээд дагуулж харвахад хэрэглэж байсан.

-Ер нь нефть өрөмдөж олоход нэлээд хөрөнгө шаарддаг биз. Баахан мөнгө зарж өрөмдөж өрөмдөж юу ч гарахгүй тохиолдол байдаг л байхдаа?
-Зарим газрын нефть гүехэн өрөмдөөд гараад ирдэг. Зүүнбаянгийн нефтийг 1300-1400 метр гүн өрөмдөөд авч байсан. Одоо энэ Тамсагийн сав газарт 2000 гаруй метр өрөмдөж байж нефтэд хүрсэн. Гүехэн өрөмдөхөд 2-3 сая доллар, гүнзгий өрөмдөхөд 5-6 сая доллар зарна шүү. Тэгэхээр чинь маш их хөрөнгө зардаг. 50-60 өрөм зоож байж олвол олно олохгүй бол олохгүй. Ер нь эрсдэлтэй. Оросуудын туршлага байдаг юм. Баруун Сибирийн нефть 1940-өөд оны эхээр хайгуулын ажил хийсэн. Эрдэмтэд тэр үеийн ЗХУ-ын удирдлагад энд нефть байна. Бид өрөмдөнө гэж. Эхний жил хэчнээн ч өрөм зоов юу ч олсонгүй. Хоёр дахь жилдээ бас л бөөн мөнгө нэхээд ирэхээр нь өгөөд л явуулж. Гурав дахь жилд нь хэл ам болж байж бас мөнгө шилжүүлсэн байгаа юм. Дөрөв дахь жилдээ дахиад мөнгө гуйсан тухайн үеийн төр засгийн тэргүүнүүд нь бүр дургуйцжээ. Тухайн үед Зөвлөлтийн эдийн засгийг Төлөвлөгөөний хороо гэж байгууллага барьж байсан. За больё. Улсын хэчнээн миллиард мөнгө зараад юу ч байхгүй. Дахиж санхүүжүүлж чадахгүй гэж. Энэ бол үнэн бодит түүх юм шүү. Тэгсэн эрдэмтэд тууштай хүмүүс байсан байгаа юм. Коммунист намын төв хороонд өргөдөл бичсэн байгаа юм. Бид олоогүй нь үнэн. Бидэнд эцсийн удаа боломж олгооч гэж. Коммунист намын төв хороонд байсан улс нь тэнэг ч улс байсангүй л дээ. Төлөвлөгөөний хороондоо үүрэг өгөөд мөнгө өг үзье гэжээ. Тэгсэн сүүлчийн өрөмдлөгөөр маш том нефтийн орд олсон. Бүх авсан зардлаа нөхөөд улсад маш ашигтай болсон. Саяхан Оросын телевизээр “ХХ зууны Орос орон” гэсэн цуврал нэвтрүүлгээр Байбаков гэж хүний тухай гарч байна лээ. Тухайн үед ЗХУ-ын Төлөвлөгөөний комиссын дарга байсан. Манайд ч ирж байсан. Энэ хүнийг Баруун Сибирийн нефть олсон явдал бол Зөвлөлт засгийг хөл дээрээ тогтоход маш том нөлөө үзүүлсэн. Тэр ч бүү хэл дэлхийн хоёрдугаар дайны ялалтад маш том гавьяа байгуулсан ийм хүн гэж гарч байна лээ. Долоон удаагийн Лениний одонтой, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, төрийн шагналт хүн байна лээ. Олох юм бол улс орны ирээдүйд маш нөлөөтэй, олохгүй бол улс орныг эрсдэлд оруулах ч талтай. Сансраас тандалт хийж байна, газрын хайгуул хийсэн ч заримдаа олдохгүй байдаг. Өрөмдөж байж л олох олох, олохгүйгээ үздэг.

-Нефтийн нөөц ер нь хэзээ дуусах вэ. Нефть чинь нөхөн төлждөггүй биз дээ?
-Эх газрын дэлхийн нефтийн нөөц 50 жилийн настай. Гэхдээ нүүрсээр нефть орлуулж болно. Өөрөөр хэлбэл нүүрснээс шингэн түлш гаргаж авч болно гэсэн үг. Гэхдээ эдийн засгийн хувьд ч, нефть байгаа одоо цагт ч нүүрс нефттэй өрсөлдөж чадахгүй. Олон орон ийм судалгаа хийж байгаа. Бид ч ялгаагүй сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр эрдэм шинжилгээний ажлаа голлож байгаа.

-Тэгвэл хэдийд устөрөгчөөр ажилладаг машин давхиж байх бол?
-ХХ1 зууны дунд үе гэхэд хийн хөдөлгүүрүүд гараад ирэх болов уу гэж боддог. Ер нь удахгүй байх даа. Туршилт нь болж байгаа юм чинь.
Д.Догсмаа

4 comments:

  1. сэтгэгдэл үлдээж болно шүү дээ

    ReplyDelete
  2. goy medeelel ugsund bayrlalaa uur zuragtai medeelel bnuu

    ReplyDelete
  3. монгол химичApril 12, 2012 at 3:11 PM

    яг ямар төрлийн мэдээлэл

    ReplyDelete
  4. хятадын нефтьний талаар тавьж өгөөч

    ReplyDelete

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.