Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/11/19

Монгол хэзээ нефтийн үйлдвэртэй болох вэ?

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хаягаар
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагаас оргилсон газрын тосоор дээлийнхээ энгэрийг мялааснаас хойш “бүтэн зуун” улирчээ. Манай улс нефтийн бүтээгдэхүүний хангалтын хувьд хэдийгээр 100 хувь импортын хараат явж ирсэн ч монголчууд бас азтай. Уудам Монгол орны маань зүүн зүгт  нүүрс, алт, зэс төдийгүй  газрын тос ч бий. Тэртээ ерээд оны дундуур анх Монгол  газраас нефть оргилоход “хар алт”  байгаад итгэж ядан байсан, бид.  Түүнээс хойш  10 гаруй жил өнгөрчээ. Шинэ мянганд монголчууд газрын тосны  үйлдвэртэй болохыг хүсэж байна.
 
Газрын тос боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрэн байгаа гэж ажил хариуцсан албаныхан хийгээд тус салбарын ажилтан,  мэргэжилтнүүд итгэлтэй хэлдэг болсон учраас иргэд дотооддоо үйлдвэрлэсэн шатахуун хэрэглэхийг мөрөөдөж байгаа хэрэг.  Нефтийн үйлдвэртэй болох бодит  боломж нөхцөл, цаг нь болсон учраас мөрөөдөл гэдэг үг уг  асуудлаас хэт хөндий ч сонсогдож байж болно. Ард түмэн жаахан ч гэсэн эх орныхоо хөрснөөс ундарч буй  нефтиэ  хэдий болтол хятадуудаар  туршилтын олборлолт хийлгүүлэх билээ, үйлдвэрээ хурдан бариачээ гэж  хүсэн  хүлээж байна, Д.Зоригт сайд аа.
Өнгөрсөн намар газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тэнгэрт  гарч байх үед манайд энэ асуудал сүрхий  босож ирсэн. Германчууд нүүрснээс шингэн түлш нэрэх тухай төсөл танилцуулж олны сонирхлыг татаад авсан. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефтийн  үнэ буцаад буурсан учраас германчуудын нүүрснээс шингэн түлш гаргаж авах асуудал дашийн шог болоо биз ээ. Тэр ч яах вэ, зах зээл нь алга.  Харин Монголд нефтийн үйлдвэр байгуулах талаар япончууд  том төсөл танилцуулж байсан. 
Японы Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/ –ны санхүүжилтээр “Тоёо инженеринг” корпорацийн техник, технологийг оруулна  хэмээн  манай иргэд, холбогдох албаныханд танилцуулга хийсэн. Түүнийг нь манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч олзуурхан олон нийтэд харамгүй хүргэсэн. Гэвч түүнээс хойш бараг жилийн хугацаа болох гэж байхад дахин чихэнд чимэгтэй мэдээ дуулдсангүй. Мөн БНСУ-ын “ENF Mongolia Oil” компани  440.6 сая долларын өртгөөр Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барина.  Хоёр үе шаттайгаар байгуулна. Түүнчлэн  Монголын Засгийн газарт 34 хувийг нь эзэмшүүлэхээр төсөлд тусгагдсан гэсэн танилцуулга хийгээд амжсан. 
Үүнээс гадна   Австрийн хөрөнгө оруулалттай дээрхийн адил  төсөл байгаа бөгөөд холбогдох хүмүүс нь Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригттой саяхан уулзаж санал бодлоо солилцсон дуулдсан.  Япон, солонгосчууд жилдээ хоёр сая  тонн газрын тос боловсруулж, Монголын хэрэглээг зуун хувь хангахуйц том үйлдвэр байгуулахаар байгаа. Харин Австрийнх  дээрх хоёр төсөлтэй харьцуулахад  харьцангуй жижиг үйлдвэр байх  юм билээ. Өөрөөр хэлбэл, Тамсагийн сав газраас жилдээ олборлох түүхий тосыг бүрэн боловсруулах буюу  манай нийт хэрэглээний 10 гаруй хувийг хангах хүчин чадалтай үйлдвэр байх аж. 
Монголын зүүн зүгт газрын тосны хайгуулын улаан дарцаг олширч байгаатай зэрэгцэн манай газрын тосыг боловсруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагч нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Япончууд Дарханд, солоносчууд Багахангайд, Австрийн төсөл Дорнодод үйлдвэрээ байгуулна гэсэн байгаа. Үйлдвэрээ хаана баривал ашигтай болох талаар мэргэжлийн бус бид мэдэмхийрээд яах вэ.  Мэргэжлийн байгууллагынхан дээрх гурван төслийг харьцуулан судалж үзэж л байгаа байх.  Хоёрын хооронд жижиг үйлдвэр байгуулахаар нь нэгмөсөн дэлхийн жишигт нийцсэн том үйлдвэртэй болж, дотоодын хэрэгцээгээ зуун хувь хангах хэрэгтэй гэж том зан гаргаж, монгол хүний уужим ухаанаараа асуудалд хойрго хандаж байж ч болох.  Асуудалд нухацтай хандах нь зөв. Гэхдээ өөрсдөө юу ч үгүй мөртлөө том том яриад сурчихсан зангаасаа татгалзаж үйлдвэр барих асуудлыг  яаравчлаасай  билээ. 
Уг нь бол бид чинь Казахстанаас жил бүр 1.5 сая тонн түүхий нефть авахаар тохиролцсон. Тэр нефтиэ хаана боловсруулуулах  вэ гэдэг асуудал албаныхны толгойны өвчин байгаа бололтой. Хятадад үйлдвэрлэвэл ямар байх бол энэ тэр гээд. Арабаас ч түүхий нефть авчих боломж байгаа. Тэгэхийн оронд дээрх сонирхоод байгаа төслүүдээс аль нэгийг нь сонгож, үйлдвэрээ хурдан бариад Казахстанаас байна уу, Арабаасаа байна уу “бэлэгний” түүхий тосоо оруулж ирээд дотооддоо боловсруулбал дээр л баймаар.
Нэг үгээр хэлбэл,  нефтийн үйлдвэр байгуулах асуудалд манайх  хэт алгуурлаж байгаа юм биш үү гэж Эрдэс баялаг, эрчим хүчний  сайд Д. Зоригтод уламжилмаар байна. Бид аль нэг төслийг нь дэмжиж байгаа юм биш, хүмүүсийн сонирхоод, хүлээгээд  байгаа боловсруулах үйлдвэрийн  асуудлыг яаравчлаачээ л гэж сануулж байгаа хэрэг.  Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг дээ. Түүнээс биш,  хятадууд Монголд газрын тос үйлдвэрлэх талаар  ам ангайхгүй нь ойлгомжтой. Бараг Монголын Засгийн газар  боловсруулах үйлдвэрийн талаар болж  өгвөл дуугүйхэн шиг цаг өнгөрөөж байгаасай гэж дотроо залбирч суугаа.
Тамсагийн  ХIX, XXII дугаар талбайнаас газрын тос олборлож, Монголын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй ажиллаж буй “Чайна Дачин, Тамсаг Монгол”  компанийнхны хувьд өнөөгийнхөө олборлолтоосоо  урсгал зардлаа нөхөх  байдлаар цагийг  нөгчөөхийг хүсэж  буй. Магадгүй  хийн хоолой татаад Монголын нефтийг авах том санаа тэдний толгойд байгааг үгүйсгэх аргагүй. “Чайна Дайчин, Тамсаг Монгол” компанийн хайгуулын ажил энэ онд дуусаж, 2010 онд батлагдсан нөөцөө манай Засгийн газарт гаргаж өгөх ёстой.
Манайхны урьдчилсан тооцоогоор Тамсагийн одоогийн туршилтийн олборлолт хийж буй талбайн урьдчилсан нөөц 1.2-1.5 сая тонн  гэж гаргасан аж. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөхөөр зовлонг нь манайх яаж амсдаг билээ дээ. Сүүлийн жил хагасын хугацаанд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ харьцангуй тогтвортой, хямд байгаа нь манайд үйлдвэр барих боломжийг олгож байгаа  гэдгийг шийдвэр гаргагчид  эрхбиш гадарлахтай л байлтай.
Нэг сая баррелиас доош нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр эдийн засагт ашигтай, ашиггүй гээд янз бүрээр ярьдаг. Ер нь бол үндэсний аюулгүй байдал талаасаа ч аваад үзсэн нефтийн бүтээгдэхүүний  хэрэгцээгээ дотоодоосоо хангах нь чухал. Бүр зуун хувь биш юмаа гэхэд тал хагасыг нь ч  гэсэн хангаж л байвал онох учиртай.  Аль ч улсын хөрөнгө оруулалттай үйлдвэр байсан газрын тос стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрийн оролцоо зайлшгүй байх ёстой.
Өнөөдөр Тамсагаас ойролцоогоор хоногт 300-500 баррель нефть олборлодог байна. “Дачин Тамсаг”-аас гадна  дотоод, гадаадын есөн ч компанитай Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн  байдаг. Дорнодод газрын тосны хайгуул хийж буй компаниудаас зарим нь орхиод гардаг ч нэмж хайгуул хийх сонирхолтой нь олон байгаагаас үзэхэд Монголд газрын тосны нөөц багагүй байгааг харуулж буй хэрэг. Тиймээс манайд үйлдвэр барих боломж улам бүр баталгаажиж байна гэсэн үг. Манай сайд, дарга нар  2012 он хүртэлх  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нефтийн үйлдвэртэй болох талаар туссан байгаа гээд  хошуугаа хөдөлгөөд суух биш, хуруугаа хөдөлгөх цаг болжээ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.