Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/12/06

Монголд түлшний этанол үйлдвэрлэж эхэллээ

Эдүгээ дэлхийн нефтийн нөөц хомсдон, үнэ өссөөр байгаа. нефтийг орлох нэг гол эх үүсвэр нь түлшний этанол. Олон улсын энергийн агентлагийн тооцоолсноор дэлхийн хэмжээнд 2005 онд 40 сая тонн түлшний этанол үйлдвэрлэсэн бол 2020 онд 120 сая тонн болж,гурав дахин нэмэгдэх аж.
Тэгвэл Монголд маань байдал ямар байна. Энэ талаар сурвалжлахаар "Оргил ойл" ХХК-ийн захирал Д.Ганзоригтой уулзлаа. Тус компани нь 2004 оноос түлшний этанол үйлдвэрлэх, түгээх, хэрэглэх технологи, ноу-хау, оюуны өмчийг бүрэн эзэмшжээ. "Оргил ойл”-ынхон хоногт 5 тонн түлшний этанол үйлдвэрлэн гаргах төхөөрөмжийг зохион бүтээж, үйлдвэрлэлд шилжүүлээд амжсан байна. Уг төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн түлшний этанол нь Монгол улс,олон улсын шаардлагыг бүрэн хангасан гэж үздэг аж. Тэд этанолтой холимог бензиний үндэсний стандартыг батлуулаад авчээ.
-Түлшний этанол үйлдвэрлэх санаа хэрхэн төрснөөс хоёулаа яриагаа эхэлье.
-Би ШУТИС-ийг төгссөн, нефтийн инженер, химич мэргэжилтэй. Арав гаруй жил нефть, шатахууны мэргэжлийн байгууллагад эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллав. Тэгэхлээр мэргэжил, мэргэшил дээрээ тулгуурлаад түлшний этанол гаргах зорилгоор хувийн салбарт хүчээ сорих санаа одоогоос таван жил өмнө төрсөн юм. Ингээд найзтайгаа хамтарч Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2004 онд түлшний этанолын үйлдвэрээ барьсан түүхтэй.
-Этанолын түүхий эд нь чухам юу юу байдаг вэ?
-Этанолыг ихэвчлэн чихрийн нишинг, манжин, төмс, улаан буудай, арвай, хөх тариа, эрдэнэ шиш мэтийн ургамлыг ферментацид оруулан нийлэгжүүлэх замаар гаргана. Тэрчлэн биотүлшийг рапс болон мод боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн болон хаягдлаас олж авна. Түлшний этанол нь шингэн, спиртийн түлш бөгөөд ногоон ургамал болон сахарнаас гаргадаг.
-Түлшний этанолын гол давуу тал нь юундаа байна?
-Энгийн хөдөлгүүрийн түлшинд түлшний этанолыг 5-25 хувийн агууламжтайгаар хольж хэрэглэснээр автобензиний октаны тоог 98 хувь болтол нэмэгдүүлдэг. Инжектор, карбюратор, тэжээлийн систем, клапан, шатах камерын бохирдлыг багасгаж, элэгдлийг бууруулж, хөө тортог нагаар үүсэхээс сэргийлнэ. Нөгөөтэйгүүр автобензинд зарцуулсан мөнгийг хэмнэнэ.
Этанол нь хүлэмжийн хий, уурын зуух болон автомашины утаа, хорт бодис болон аэрозолуудыг агаар мандалд цацагдан тархахыг багасгадаг. Мөн биологийн задралд ордог бөгөөд байгалийн усан системийг бохирдуулдаггүй. Этанол нь дахин сэргээгддэг нөөц.
-Сүүлийн жилүүдэд дахин сэргээгддэг, нефть оруулагч биотүлшийг дэлхий дахинаараа онцгой сонирхох болсон. Утаагүй түлшний дэлхийн өнөөгийн хандлага ямар байгааг сонирхох байна?
-АНУ-ын жишээг авч үзье. Америкчууд шатахуун хэрэглэдэггүй шинэ үеийн машиныг хэрэглэх хандлагатай. Тус улсын Конгрессоос цахилгаанаар ажилладаг машиныг худалдаанд гаргах тухай хуулийг баталсан. Ийнхүү тус улсын иргэд нь шатахуунаар ажилладаг машинаа өгөөд оронд нь шинийг авч, зөрүүнд 4500 ам.доллар авахаар болжээ. Зөрүүнд нь өгөх нийт нэг тэрбум долларыг улсын төсвөөс гаргана гэж дуулсан. Энэ арга хэмжээг авснаар агаарт цацагдаж буй хорт хийн хэмжээ эрс багасах юм.Чикаго хотод "Бид агаар бохирдуулдаггүй" гэсэн бичигтэй цахилгаанаар явдаг автобус аль хэдийн бий болсон. Үүнтэй уялдан шинэ бизнес буюу хөдөлгүүрийг цахилгаанаар цэнэглэдэг станцуудтай болоод байна.
Этанолын үйлдвэрлэл, ашиглалт, экспортоороо Бразил тэргүүлдэг бөгөөд 2006 оны хавраас эхлэн их гүрнүүдийн дотроос тус улс хамгийн түрүүн нефть импортлохоос татгалзсан байдаг. Өнөөдөр "Petrobas" дэлхийн хамгийн хүчирхэг этанолын үйлдвэрлэгч төдийгүй, дотоод болон гадаад зах зээл дээр спирт худалдаж, их ашиг олдог компани. Одоо Бразилийн автомашины паркийн 70 хувь нь этанолыг үндсэн түлшээ болгон ашигладаг.
Нэг зүйлийг сонирхуулахад түлшний этанолын түүх Бразилд эхлээгүй. XX зууны эхээр Генри Фордын зохион бүтээсэн алдарт Model Т машин нь этанолоор ажилладаг байжээ. Хэдийгээр өнгөрсөн зууны туршид этанолыг үр дүнтэйгээр ашиглах тохиолдлууд гарсаар байсан боловч нефтийн үйлдвэрлэлийн өсөлт, бензиний үнийн бууралт хоёр спиртийг машины түлшний савнаас шахан зайлуулж чадсан. Ладож нуурын мөсөн дээгүүр Ленинградын бүслэгдэгчдийг зөөж байсан автомашинууд ч гэсэн спиртээр ажилладаг байсан гэдэг. Сүүлийн гурван жилд дэлхийн эрчим хүчний хомсдол нь этанолыг түргэн ургадаг олон наст ургамал, өвс, тэрчлэн хамгийн сонирхолтой нь хотын хог хаягдал, химийн болон целлюлоз-цаасны, үйлдвэрийн хаягдлаас гарган авах өндөр үр ашигтай технологийг бий болгоход хүргэсэн. Этанолын холимог автомашиныг томоохон үйлдвэрлэгчид гаргаж эхэлжээ.
-Энэ машины онцлог нь юу болохыг тайлбарлаж өгнө үү?
-Эдгээр машинууд этанол ба бензиний дурын холимогоор явж чаддаг. Харин машины өртөг нь ердийнхөөс 200-300 долларын илүүгээрээ ялгаатай. Учир нь уг машинд хүчилтөрөгчийн шинэ датчик тавьж, этанолын агуулгыг ойлгуулахын тулд машины компьютерт бага зэрэг өөрчлөлт хийдэг. Мөн этанолыг нэвтрүүлэхгүй байх чадвартай зарим нэг жийргийг сольж тавьдаг.
АНУ-д нэгэн сонин тохиолдол гарсан байдаг. "GM" гэгч компани дээрхийн адил машин хэдэн саяыг үйлдвэрлэсэн боловч ашиглах зааварт нь этанолын талаар ганц ч үг дурдаагүй байв. Тухайн компани үйлдвэрлэсэн машин бүртээ холбооны засгийн газраас мөнгөн дэмжлэг авсан байсан учраас худалдан авагчид тэдгээр машинуудыг этанолоор цэнэглэх үгүй нь тэдэнд огтхон ч хамаагүй байлаа. Гэвч бөөн шуугиан дэгдэж, тэднийг худалдан авагч бүртээ зохих мэдээллийг тараахыг албадсан гэдэг.
-Манай нөхцөлд (хүйтэн сэрүүн гэдэг утгаараа) биоэтанолыг хэрэглэхэд хүндрэлтэй асуудал гарна гэж сонсон юм байна. Энэ үнэн үү?
-Тийм асуудал бий. Ямар шалтгаантай гээч? Биоэтанол ус шингээж авдаг. Хэрвээ манай түгээн цэнэглэх системийн чанар муу, дамжуулах хоолой нь хуучин, гангууд нь цоорхойтой, ёроолдоо устай бол тийм асуудал үүснэ. Биоэтанолыг их хэмжээгээр үйлдвэрлэж хэрэглэдэг Канадын жишээнээс авч үзвэл бүх зүйл зарчмын хувьд хэвийн байж болдог юм билээ. Зүй зохистой үйлдвэрлэл явагдсан тохиолдолд эдгээр асуудлууд шийдэгдчихнэ. Ашиглалт буруу явагдсан тохиолдолд газар сайгүй байдаг шиг ямар нэгэн хүндрэлүүд тохиолдоно.
-Биотүлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өнөөдөр юу дутагдалтай байна манай оронд?
-Хууль эрх зүйн орчин алга. Хэрвээ энэ чиглэлээр тодорхой хууль, тодруулбал "Биотүлшний тухай" хууль батлагдвал түлшний этанол гэдэг ойлголт бий болж, агаарын бохирдол эрс багассан, ажлын байр нэмэгдэнэ. Тиймээс маш яаралтай хууль боловсруулж гаргах шаардлагатай. Өнөө үед дэлхийн даяараа ногоон түлш гээд яриад байгаа үед бусдаас бид хоцорч болохгүй шүү дээ.
1997 оноос эхэлж эдийн засгийн хэмнэлтээ бодолцоод "дэлхийн томоохон автомашины үйлдвэрүүдийн ихэнх нь холимог ажиллагаатай машин үйлдвэрлэх болж. Үүнийг ч бид бодох хэрэгтэй.
-Танай бүтээгдэхүүний үнийг сонирхож болно уу?
-Нэг литр нь 1000 төгрөг.
-Түлшний этанолыг гаргаж авах түүхий эд нь Монголд хэр элбэг байдаг бол?
-Хогийн ургамалаас эхлээд манайд олдоц ихтэй шүү.
-Биодизель хэрхэн гаргаж авдгийг товчхон хэлж өгөөч?
-Биодизель гэдэг бол ургамлын болон амьтны өөх тосны метилийн эсвэл этилийн эфир. Биодизель нь химийн модификацид орсон тос. Өөрөөр хэлбэл, энэ нь ихэнх тохиолдолд рапс болон буурцагнаас гаргаж авсан тосны хүчлийн метилийн эфир гэсэн үг. Америкт энэ үүргийг буурцаг гүйцэтгэнэ. Учир нь тэр эрдэнэ шиштэй сайн таардаг. Харин Европт рапсыг илүү хэрэглэдэг. Биодизелийг хөдөлгүүрт ямар нэгэн өөрчлөлт хийлгүйгээр хэрэглэж болно. Гэхдээ ердийн солярктой 20:80 гэсэн харьцаагаар хольж Б20 түлш (20% биодизель) болгон хэрэглэхийг зөвлөдөг.
-Танай компани цаашдаа түлшний этанолын одоогийн савалгааг сольж, шатахуун түгээх цэгээр хэрэглэгчдэд хүргэх боломж байгаа юу?
-Бид биотүлшээ ойрын хугацаанд хэрэглэгчдэд савлагаагаар бус, харин хошуугаар үйлчлэх зорилготой явна. Хошуугаар гэдэг нь шатахуун түгээх цэгээр гэсэн үг. Тиймээс томоохон нефть импортлогч компаниудтай хамтран ярилцаж байна. Саяхан "Петровис" компани дээр туршилт хийлээ. Одоо тус компаниас хариугаа хүлээж сууна.
-Та түлшний этанолын ирээдүйн талаар юу хэлэх вэ?
-Ирээдүйн тун хялбархан. Нефтийн үнэ 60 доллараас давахад энэ салбарыг гялалзсан ирээдүй хүлээж байна. Үнэ 40-оос доош унахад биотүлшний тухай мартацгааж, ганц Бразиль улс л уг салбараар цаашид ганцаараа зүтгэнэ. Тиймээс нефтийн үнэ ямар байх энэхүү үнэнд улс төрийн сонирхол хэр зэрэг агуулагдахаас бүх асуудал хамаарна. Хэрвээ улстөрийн сонирхол их агуулагдах юм бол үнэ ихээхэн доош унана. Хэрвээ улстөрийн оролцоо бага, шинэ орд газар үгүй болж, нефть хомсдож эхэлсэн бол энэ салбар цаашид ирээдүйтэй байх болно.
Түлшинд хуулийн дагуу зайлшгүй байх ёстой биоэтанолын хамгийн бага хэмжээ



Дэлхийн чиг хандлага
Эдүгээ дэлхийн нефтийн нөөц хомсдон, үнэ өссөөр байна. Нефтийг орлох нэг гол эх үүсвэр нь түлшний этанол юм.
Олон улсын энергийн агентлагийн тооцоолсноор дэлхийн хэмжээнд 2005 онд 40 сая тонн түлшний этанол үйлдвэрлэсэн бол 2020 онд 120 сая тонн болж 3 дахин нэмэгдэнэ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.