- Одоогийн Эфиопийн газар нутгаас 4.4 сая жилийн настай хүн дүрст эмэгчний араг ясыг олсон явдлыг тэргүүн байранд оруулсан байна. Энэ араг ясыг Арди хэмээн нэрийджээ. Эрдэмтдийн үзэж буйгаар Арди бол хүний хамгийн эртний өвөг юм. Өөрөөр хэлбэл сармагчин, хүн хоёрын дундах завсрын үе шат гэнэ. Өмнө нь Эфиопийн Аваш голын хөндийгөөс олдсон 3.2 сая жилийн настай Люси хэмээх эмэгчний араг ясыг хамгийн эртнийх гэж үзэж байсан юм.
- Шинэ лугшигч однуудыг, түүний дотор Дэлхийгээс дөнгөж 4600 гэрлийн жилийн зайд орших лугшигч нээж илрүүлсэн явдлыг дэд байранд оруулжээ. Лугшигч гэдэг нь өндөр хурдтайгаар тэнхлэгээ тойрон эргэж цахилгаан соронзон долгион цацаж байдаг нейтрон од юм.
- Саран дээр ус илрүүлсэн явдал гутгаар байранд оров. НАСА тусгай шинжилгээний станц тээсэн зөөгч пуужинг Сар луу нисгэж, станцыг Сарны тойрог замд оруулжээ. Дараа нь үүргээ гүйцэтгэсэн пуужинг Сар луу унагаж гадаргатай нь мөргөлдүүлсэн байна. Мөргөлдөөний үр дүнд их хэмжээний тоос дэгджээ. Энэ дэгдсэн тоосонд нь мөс агуулагдаж буйг шинжилгээний станц тогтоов.
- Дэлхийн тойрог замд байрлах "Хаблл" дуран авайг сансарт зассан явдлыг дөрөвдүгээр байранд оруулав. Сансрын нисэгчид задгай сансарт гарч засварыг гүйцэтгэжээ.
- Соронзон монополь хэмээх эгэл бөөмийг илрүүлсэн явдлыг тавдугаар байранд оруулжээ. Энэ нь ганц соронзон туйлтай эгэл бөөм бөгөөд онолын физикчид 70 гаран жилийн туршид "оршин байдаг" хэмээн таамаглаж, туршлагын физикчид эрж хайж байсан билээ. Арван жилийн физикээс бид цахилгаан орон цахилгаан цэнэгээр үүсгэгддэг гэдгийг мэднэ. Тэгвэл энэхүү соронзон монополь нь соронзон орныг үүсгэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл соронзон цэнэг гэж ойлгож болох нь ээ.
- Химийн урвалын зургийг анх удаа авч чаджээ. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд рентген лазерын тусламжтайгаар, химийн урвалд орж буй молекулууд хэрхэн нэг нэгэнтэйгээ нэгдэж буйг харсан байна. Энэ үйл явдлыг "Science" сэтгүүл 6-р байранд оруулжээ.
- Графен транзисторыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн явдлыг 7-р байранд нэрлэсэн байна. Графен (graphene) гэдэг нь нүүрстөрөгчийн дан атомуудаар угсарсан тор хэлбэрийн бүтэцтэй материал юм. Энэ материалыг электроникийн аж үйлдвэрт ашигласнаар, одоогийн цахиурт суурилсан уламжлалт технологийг хол хаях боломж бий болж байгаа гэнэ. Жишээ нь өнөөдөр микропроцессорын чипийг цахиурын ялтсаар хийдэг бол графенийг түүхий эд болгон ашигласнаар юуны өмнө чипний овор хэмжээ эрс багасч (дөнгөж нэг атомын хэмжээний өргөнтэй!), тэгснээр цахилгаан дамжуулах хурд үлэмж нэмэгддэх ажээ. Эрдэмтдийн бүтээсэн туршилтын графен транзистор 26 гигагерцийн (GHz) давтамжтай ажиллаж байна гэнэ.
- Амьд организмын генийн бүтцэд нөлөөлөх замаар (gene therapy) насыг нь уртасгах боломжтой болжээ. Хулгана дээр хийсэн туршилтаар насыг нь 10% уртасгаж чадсан байна. Жишээ нь хүний нас үүний ачаар 7-8 жилийн идэвхтэй амьдралаар уртсах боломжтой юм.
- Дэлхийн дулаарлын сөрөг үр дагавар болох цөлжилт, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэх шинэ арга хэлбэрүүдийг 9-р байранд оруулсан байна.
- Үүдэл эсийн (stem cell) судалгааны салбарт гарсан зарим ололт амжилт, хавдрын эсрэг шинэ эм бэлдмэл, хорт хавдартай тэмцэх шинэ арга замыг боловсруулсан зэрэг үйл явдлыг 10-р байранд нэрлэжээ.
2011/03/22
Шинжлэх ухааны 10 том нээлт "Science" сэтгүүл /2009 он/
Subscribe to:
Post Comments (Atom)
taalagdlaa
ReplyDelete