Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2013/04/16

Нүүрс хар алт


Нүүрс нь хамгийн үнэт түүхий эд бөгөөд дэлхий дахинд түүний үнэ цэнийг “Хар алт” хэмээн зүйрлэн нэрлэж  байна. Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш нүүрсийг энергийн эх булаг болгон ашиглаж байлаа. Нүүрс, түүний  боловсруулалтын бүтээгдэхүүнийг өргөн ашиглахын тулд түүний химийн найрлага, шинж чанарыг сайн мэдэх хэрэгтэй. Энэ хэрэгт шинжлэх ухаан, ялангуяа хими ихээхэн үүрэг гүйцэтгэж, нүүрс ашиглах өргөн боломж, шинэ чиглэл, арга замуудыг бий болгосоор байгаа юм.

Нүүрсийг ашиглах чиглэл олшрохын хамт хэрэгцээ улам өсч ирэх нь дамжиггүй. Нүүрсийг дан ганц төмөрлөгийн кокс гарган авахад хэрэглэж байсан тэр үе нэгэнт өнгөрч, нүүрстэй холбоогүйгээр хөгжих аж ахуйн тийм салбарыг олоход бэрхтэй болжээ.
Өнөөгийн байдлаар шатах ашигт малтмал болох нүүрс, нефть, байгалийн хий нь дэлхийн түлш эрчим хүчний үйлдвэрлэлийн гол тулгуур болж нийт хэрэгцээний 86%-ийг хангаж байгаа ба ойрын 20-30 жилд ч энэ байдал хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Харин цөмийн, усны эрчим хүч ашиглалт харьцангуй тогтвортой байх бол сэргээгдэх эрчим хүчнйи бусад эх үүсвэрийн ашиглалт бага хэмжээгээр нэмэгдэх болно. 

2008 оны эцсийн байдлаар дэлхийн нүүрс, нефть, байгалийн хийн нийт нөөцийг авч үзвэл:  Нефть 170.8 тэрбум тн (1258 баррель), хий 185 триллион м3, нүүрс 826 тэрбум тн байна. Хэрэглээний хувьд мөн оны байдлаар авч үзвэл: нефть 30.8 тэрбум баррель (84.5 сая баррель/өдөр), хий 3 триллион м3, чулуун нүүрс 5.7 тэрбум тн, хүрэн нүүрс 1.0 тэрбум тн буюу нийт нүүрсний нөөц 6.7 тэрбум тн байна. Эдгээр хэрэглээг нийт нөөцөд нь харьцуулбал нефтийн нөөц 40.8 жил, хийн нөөц 61.6 жил, нүүрсний нөөц 123 жилд хүрэлцэх болно. Дэлхийн хэмжээнд өнөөг хүртэл нээж илрүүлсэн 42000 орчим нефтийн ордын зөвхөн нэг хувьд буюу 400 орчим ордод бүх нөөцийн 75% нь агуулагдаж байдаг. Түүнчлэн нефтийн нөөцийн тархалт жигд бус буюу 60% нь Ойрхи Дорнодын бүс нутагт (102 тэрбум тн буюу 754 тэрбум баррель) оршиж байна. Байгалийн хийн нөөцийн тархалт харьцангуй жигд бус, Ойрхи Дорнодод 41% (75.9 триллион м3) болон ОХУ-д 31% (57 триллион м3) төвлөрч байна. Нефтийн нөөц илрүүлэлт 1962 онд дээд цэгтээ хүрсэн ба өнөө үед илрүүлж буй нийт нөөц нь түүний жилийн олборлолтын 17%-д ч хүрэхгүй байгаа болно. 2005 онд дэлхийн хэмжээнд 5 тэрбум баррель нефтийн нөөц шинээр илрүүлсэн бол 30 тэрбум баррелийг олборлон ашиглажээ. Ийнхүү нефтийн нөөц илрүүлэлт ба олборлолтын зөрүү жил тутам өссөөр байна. Орчин үед илэрч буй нефтийн    ордууд нь ерөнхийдөө бага буюу маш бага байх нь нийтлэг үзэгдэл болжээ. Энд ойрын 10 жилийн дотор дэлхийн нефть олборлолт оргил хэмжээндээ буюу хомсдолын цэгт /бүх нөөцийн тал хувь барагдах үе/ хүрэх ба үүнээс цааш нефть олборлолт үргэлжлэх боловч хэмжээ нь байнга буурч үнэ нь өсөх болно гэж шинжээчид үзэж байна.
Иймд нефтийг орлуулах гол бүтээгдэхүүн болох нүүрсний хэрэгцээ, хэрэглээ жил ирэх тутам өсч, үнэ нь нэмэгдэх магадлал өндөр байна. Харин нүүрсний ийм баталгаат нөөцийг нарийвчилсан геологи хайгуулын ажлаар өсгөх боломжтой гэж үздэг. Чулуун ба хүрэн нүүрсний нийт нөөц ойролцоо байдаг ба тархалтын хувьд харьцангуй жигд, АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг улсууд нүүрсний арвин их нөөцтэй орнуудад тооцогддог.
Сүүлийн үед нүүрсийг судлах, ашиглах, боловсруулах талаар зөвхөн макро түвшинд бус өндөр үр ашигтай нанотехнологийн түвшинд ашиглах болсон нь нүүрсийг улам боловсронгуй, эдийн засгийн үр ашигтайгаар бүрэн дүүрэн ашиглан боловсруулах болжээ. Энэхүү нүүрсийг боловсруулан түлшний бус зориулалттай хэрэглээний олон төрлийн бүтээгдэхүүн гарган авахаас гадна эрчим хүч үйлдвэрлэх, цэвэр технологид шилжих, улмаар “Нүүрс-хий-устөрөгч- эрчим хүч” гэсэн экологийн хувьд хамгийн цэвэр эрчим хүч үйлдвэрлэх технологи нүүрсэн дээр суурилах нь дэлхий дахины ирээдүйн технологи гэж эрдэмтэд үзэж байна.
Монгол улс нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 12-т, нэг хүнд ноогдох нүүрсээр эхний 4-т ордог. Манай улсын түлшний балансад нүүрс 63%, нефтийн бүтээгдэхүүн 32%, мод болон био түлш 5% тус тус эзэлдэг. Нүүрсийг үндсэндээ эрчим хүч үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглаж байна.
Улсын хэмжээний цахилгаан дулаан үйлдвэрлэлийн 93%-ийг нүүрсэн дээр, 7%-ийг шингэн түлшин  дээр тулгуурлан үйлдвэрлэж байна.
Өнөөдөр нүүрсний 36 орд газарт 50 орчим аж ахуй нэгж нүүрс олборлож байгаагаас төрийн өмчийн оролцооотой 3, орон нутгийн өмчийн оролцоотой 3 уурхайгаас бусад нь хувийн өмчид тулгуурлан ажиллаж 2009 оны байдлаар жилдээ 9.8 сая тонн нүүрс олборложээ. Цаашид нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн хирээр байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудлыг нэн түрүүнд тавих, нүүрсийг түлшний зориулалтаар ашиглахаас гадна нүүрсийг баяжуулах, боловсруулан хийжүүлэх, шингэрүүлэх, нефтийн бүтээгдэхүүн гаргах, нүүрсийг коксжуулах, боловсруулалт хийж дайвар бүтээгдэхүүн гарган авах, чанар сайтай нүүрсийг экспортод гаргах зэрэг өргөн цар хүрээтэй асуудлууд дэвшигдэн гарч байна.
Орчин үед нүүрснээс 400-гаад  нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авч, нүүрс ашиглалтын эдийн засгийн үр ашиг 90 орчим хувьд хүрчээ. Гэтэл энэ үзүүлэлт манай оронд 35 орчим хувьтай байгаа нь их доогуур үзүүлэлт юм.
Ази номхон далайн бүс нутаг дэлхийн нүүрс олборлолтын талаас илүү хувийг олборлодог ба 2020 онд энэ бүс нутгийн нүүрсний хэрэглээ 4 тэрбум тоннд хүрэх юм. Дэлхийд олборлож буй нүүрсний  20 орчим хувийг  коксжуулж байгаа бөгөөд нийт олборлож буй нүүрсний 16%-тай тэнцэх коксжих нүүрсийг дэлхийн зах зээл дээр худалдаалж байна. Өмнөд ба зүүн өмнөд Азийн орнуудын коксжих нүүрсний олборлолт 2005 онд 180-аад сая тонн байсан бол 2010 онд 200 сая тонн болж өсч байгаа ба энэ бүс нутгийн коксжих нүүрсний хэрэглээ 2005 онд 275 сая тонн, 2010 онд 300 сая тонн болж өсч байна. Иймд энэ бүс нутгийн коксжих нүүрсний десфицит 100 сая тонн коксжих нүүрсний хэрэгцээ байгаа нь коксжих нүүрсний арвин нөөцтэй монгол орны сонирхолыг энэ зах зээл зүй ёсоор татаж байна.  
Дэлхийн хэмжээнд нефть,байгалийн хийн нөөц жилээс жилд багасч,түүнийг орлуулж болох нүүрсний хэмжээ улам нэмэгдэж байгаа өнөө үед дан ганц нүүрсийг түүхийгээр экспортлох биш нүүрсний хими чанарыг   нарийн судлах,ашиглаж болох сүүлийн үеийн тэргүүний техник технологийг өргөн нэвтрүүлэх, түлшний  болон түлшний бус хэрэглээний бүтээгдэхүүн гаргаж авах, нүүрсийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах явдал чухал байна.
                                         НЭГ: НҮҮРС ХЭРХЭН ҮҮСЭВ
Нүүрсний шатамхай органик хэсэг нь нүүрстөрөгч /С/, устөрөгч /Н2/, хүчилтөрөгч /О2/, хүхэр /S/, азот /N2/ зэрэг элементүүдээс тогтдог.
     Аливаа нүүрсийг  шатаахад  түүн дэхь нүүрстөрөгч нь нүүрсхүчлийн хий/ СО2/ устөрөгч нь ус /Н2О/ болон хувирдаг. Нүүрстөрөгч ба устөрөгч ийнхүү шатсаны дүнд асар их хэмжээний дулаан ялгардаг. Нүүрстөрөгч, устөрөгч агуулсан химийн нэгдлүүдийг 2 бүлэг болгон хувааж болдог. Дээрхи 2 элементүүдийн гүйцэт шаталтаар үүссэн нүүрсхүчлийн хий, ус зэрэг нэгдлүүдийг нэгдүгээр бүлэгт оруулах ба тэдгээр нь  цаашид исэлдэх буюу шатаж, дулаан ялгаруулж чадахгүй. Харин хүчилтөрөгчөөр бүрэн исэлдээгүй, устөрөгч, нүүрстөрөгчийн олон тооны нэгдлүүдийг 2 дугаар бүлэгт хамруулдаг. Эдгээр нь цаашид тодорхой нөхцөлд хүчилтөрөгч нэгдүүлэн бүрэн исэлдэх ба үүний дүнд зохих хэмжээний дулаан ялгаруулна. Ялгарах дулааны хэмжээ нь уг нэгдлийг бүрэн исэлдүүлэхэд оролцсон хүчилтөрөгчийн хэмжээнээс хамаарч янз бүр байж болдог.
Нүүрс бүрийн дулаан үүсгэх чадал харилцан адилгүй байдаг нь үүний тодорхой жишээ юм.
Нүүрс хүчлийн хий ба ус хоёр нь хэдийгээр цааш хүчилтөрөгчийг нэгдүүлж исэлдэн шатах идэвхигүй боловч, өөр  хоорондоо харилцан үйлчлэж, шатамхай шинж чанар бүхий олон тооны органик нэгдлүүдийг үүсгэх онцлог шинж чанартай байдаг. Жишээ нь:  Ногоон ургамалын дотоодод нүүрсус үүсэх процесс явагддаг. Энэ процессыг фотосинтез гэж нэрлэдэг. Фотосинтез процессын үр дүнд 6 молекул нүүрсхүчлийн хий, 5 молекул уснаас нэг молекул нүүрсус ба 6 молекул хүчилтөрөгч үүсдэг. Ингэж үл шатагч органик бус энгийн бодисоос амархан шатдаг органик бодис үүснэ.
Дээр өгүүлснээр нүүрстөрөгч, устөрөгч бүхий органик нэгдлүүдээс нүүрсхүчлийн хий ба ус үүсэх исэлдэх процессын дүнд их хэмжээний дулаан ялгардаг бол эдгээр 2 бодисоос  нүүрсус үүсэх фотосинтезийн порцессын дүнд эсрэгээр их хэмжээний дулаан шингээгддэг байна. Энэ бол энерги нэг дүрсээс нөгөө дүрст хувиран шилждэгийн  нэгэн тодорхой жишээ юм.
Ногоо ургамал өөрийнхөө дотоодод  шингээн нөөцлөх энэ их хэмжээний дулааны энергийг хаанаас олж авдаг юм бэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Ер нь манай гариг дээрхи амьдрал, органик бодисыг бүтээгч дулааны эх булаг нь  дэлхийгээс 150 сая километр алс орших халуун хайлмал ертөнц болох Нар билээ. Нарны гадаргуугийн температур 6000 градус хүрнэ.
Нар нь асар их хэмжээний дулааныг огторгуйн уудамд цацруулах бөгөөд түүний өчүүхэн бага хэсэг буюу цацруулж буй дулааны зургаан тэрбумын нэг хувь нь газрын гадаргуу дээр тусдаг. Хэдий тийм боловч энэхүү дулаан нь асар их хэмжээтэй юм.  
Нарны цацруулж байгаа гэрэл ба дулааны энергийн ялимгүй хэсгийг ашиглаж, ургамлын биенд нүүрсус үүсэх, энерги нууцлагдан хуримтлагдсанаас фотосинтезийн процесс явагдана. Оросын алдарт эрдэмтэн К.А.Тимирязев фотосинтезийн процессыг судалахад олон жилийн хөдөлмөрөө зориулж, түүний мөн чанарыг  нээн илрүүлсэн билээ. Тэрээр “Ургамал нь агаараас органик бодисыг үүсгэн, нарны асар их энергийг нөөцөлдөг. Тэр нь нарны барагдашгүй их хүчээр ажиллагч машиныг бидэнд бэлтгэж өгсөн юм”.гэж бичжээ.
Оросын агуу их эрдэмтэн М.В. Ломоносов 1793 онд хэвлүүлсэн “Газрын ус давхаргын тухай”  гэдэг номдоо намгийн ёроолд хуримтлан тогтсон ургамлын үлдэгдлээс хүлэр үүссэн гэдэг онолыг гарган хүлэрээс нүүрс үүссэн гэж үзсэн байна. Энэ нь нүүрсний гарал үүслийн тухай орчин үеийн онолын үндэс нь болжээ.
Цаг уур, орчны нөхцөл өөрчлөгдөхөд дэлхийг бүрхэж байсан ногоон ургамлуудын зарим хэсэг нь шинэ нөхцөлд идээшин амьдарч чадахгүй болсоноос үхэж, нэг газар хуримтлагдан бөөгнөрч агаараар дутмаг, чийглэг орчинд удаан хугацаагаар дарагдан ялзарч, нягтарснаас хүлэр үүсжээ. Ургамлын ийм үлдэгдэлүүд нь  хүлэрийн ялзмагийн бодист хувирахад янз бүрийн нянгууд их үүрэг гүйцэтгэжээ.
Хүлэр нь цаашид даралт температур ихтэй газрын хөрсний гүнд дарагдан нягтарч хүрэн нүүрс болон хувирчээ. Энэ процессын явцад хүлэрийн химийн найрлага нь өөрчлөгдөн, хүчилтөрөгчийн хэмжээ багасан, түлшний органик хэсэг дэхь нүүрстөрөгчийн эзлэх хувь хэмжээ ихэснэ. Газрын гүнд оршиж байсан хүрэн нүүрс нь өндөр даралт, температурын нөлөөгөөр он удаан жил үе улиран улам бүр нягтарсаар цаашид чулуун нүүрс, антрацит болон хувирсан байна.
Чулуун нүүрс үүсэх процесс 265 сая жилийн өмнө эхэлж, 55 сая жил үргэлжилсэн гэдгийг радиогеологийн аргаар тооцоолжээ.
Энэ бүхнээс үзэхэд бүхнийг тэжээгч нарны гэрлийн нөлөөгөөр ургамал өсөн хөгжиж байснаа үхэж, геологийн асар удаан хугацааны туршид хувирч өөрчлөгдөн, хатуу түлш болон хувирч, өөртөө асар их хэмжээний нарны энергийг нөөцлөн хадгалж дахин исэлдэн шатах үедээ уул энергийг гэрэл ба дулааны энергийнх нь дүрсээр эргүүлэн ялгаруулдаг. Чухам энэ шалтгаанаар нүүрсийг “Нарны чулуу”, “Газар доорхи нар” гэж нэрлэдгийн учир үүнд оршино.
 ХОЁР: НҮҮРС ҮҮСЭХ ХУВИРЛЫН ЗҮЙ ТОГТОЦ
Ургамлын үлдэгдлийг нүүрс болгон хувиргасан геохимийн процессыг нүүрсжилт гэдэг. Нүүрсжилтийн процесс ургамлаас эх үүсэлтэйг батлах олон нотолгоо байдаг. Үүний эхний нотолгоо бол нүүрсний элементийн найрлага болно. Нүүрсний элементийн найрлагатай хамгийн төстэй найрлага бүхий материал нь ургамал байдаг. Түүнчлэн эртний ургамлын чулуужсан үлдэгдлийг бүхий л төрлийн нүүрсэнд илрүүлсэн байна. Нүүрсийг органик уусгагчаар хандлан шинжилж үзэхэд уг нүүрсний ханд орчин үеийн ургамлын бүрэлдэхүүнд ордог зарим  бодисууд /биомаркерууд/ агуулагдаж байдаг нь нүүрс ургамлаас үүссэний бас нэг нотолгоо болдог.
Орчин үеийн ойлголтоор нүүрс үүсэх процессын генетик үе шатуудыг үндсэнд  нь 3 хуваадаг. Үүнд:
1.    Эх ургамлаас хүлэр үүсэх процесс буюу хүлэрийн үе шат
2.    Хүлэрээс хүрэн нүүрс үүсэх процесс буюу диагенезисийн үе шат
3.    Хүрэн нүүрснээс чулуун нүүрс үүсэх процесс буюу метаморфизмын үе шат
1.    Хүлэрийн үе шат 
Ургамлын үлдэгдэл анаэроб бактерийн үйлчлэлээр усан дор агааргүй орчинд хувиралд орж хүлэр үүсгэнэ. Ургамлын бодисын ихэнх хэсэг хүлэр болон хувирна. Энэ үед органик массын хүчилтөрөгчийн агуулга багасч нүүрстөрөгчийн агуулга ихэсдэг. Хүлэр нь ихэнхидээ хүрэн өнгөтэй, бутрамтгай хөрслөг материал байдаг. Хэрэв тос, воскоор баялаг микро-организм  /голлон альги/ болон замаг агааргүй орчинд задарсан бол хүхэрт устөрөгч, аммиак, метан их хэмжээгээр ялгарч нягт үлдэгдэл буюу сапропель үүсдэг. Сапропель нь хүлэртэй харьцуулбал зөөлөн уян харимхай материал бөгөөд амархан дөл авалцаж өтгөн хар утаа гарган шатдаг. Түүнчлэн сапропель нь устөрөгчийн агуулга өндөр, харьцангуй нам хэмд /1000С орчим/ хайлдаг, органик уусгагчид ихээр /50%-иас илүү/ уусдаг зэрэг онцлогуудтай. Эх ургамал хүлэржих процессууд нь нүүрсний органик бодисын найрлага, шинж чанарыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Хүлэрийн намаг үүсэх, тэр нь урт хугацаагаар оршин тогтнох болон их хэмжээгээр нүүрс бий болох үндсэн нөхцлүүдэд, дулаан чийглэг уур амьсгал, уг намаг нь далайн болон голын уснаас тусгаарлагдсан байдлууд ордог. Хүлэр үүсгэгч орчны гидрогеологи нь нүүрсний шинж чанарт хүчтэй нөлөөлсөн байдаг. Энэ орчин нь усны тэжээлийн үүсвэрээс шалтгаалан 2 янз байж болдог. Хэрэв уг орчин борооны усаар тэжээгдэж байсан бол эрдэс тэжээл багатай /омбротроник/ байх ба үүссэн нүүрс нь үнс багатай байна. Хэрэв гүний усаар тэжээгдэж байсан бол орчин нь эрдэс тэжээл ихтэй бөгөөд үүссэн нүүрс нь үнс ихээр агуулдаг. Хүлэржих процессын явцад түүний органик массад агуулагдах хүчилтөрөгчийн агуулга буурч, нүүрстөрөгчийн агуулга ихэсдэг.
2.    Хүлэрээс хүрэн нүүрс үүсэх процесс буюу диагенезисийн үе шат
Хүлэрээс хүрэн нүүрс үүсэх шат буюу диагенезис нь аморф массын хүчиллэг шинж чанараар тодорхойлогддог. Уг процессод биологи, микробиологийн хүчин зүйлсээс гадна химийн орчин /хүчиллэг ба орчны PH-ын нөлөө/ чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Диагенезисийн үед гуминжих, гельжих процессууд зогсож хүлэр хөрсөөр хучигдан хатаж, нягтарсны дүнд хүрэн нүүрс үүсдэг. Энэ үед хүлэрийн уян харимхай чанар үгүй болж, ургамалын элементүүд бүрэн хувиралд орсон байдаг.
Шүлтийн усан уусмалд уусдаг гумины бодисууд байхгүй болох нь хүрэн нүүрсний  шат дууссаныг гэрчилдэг. Хүрэн нүүрсийг гадаад байдлаар нь гялалзсан, бүүдгэр, завсарын гэж ангилах ба бүүдгэр хүрэн нүүрс нь хөрслөг байдалтай, чийг ихээр агуулдаг бол гялалзсан хүрэн нүүрс нь чулуун нүүрстэй төсөөрхүү, чийгийн агуулга багатай байдаг онцлогуудтай. Хүрэн нүүрснээс чулуун нүүрс үүсэх шатыг зарим тохиолдолд катагенезис гэж нэрлэдэг.
3.    Хүрэн нүүрснээс чулуун нүүрс үүсэх процесс буюу метаморфизмын үе шат
Энэ шатанд буюу чулуун нүүрс, антрацит бүрэлдэн бий болох процессын гол хөдөлгөгч хүч нь геологийн хүчин зүйлс буюу даралт, температур, цаг хугацаа болно. Газрын гүний дулаан 330 метр тутамд 10С-ээр нэмэгддэг тул нүүрсний давхарга гүн рүү шилжих тусам дээрээс даралт ба газрын гүний дулаан ихэсдэг.
Нүүрсжилтийн зэрэг ба нүүрсний давхаргын гүний хоорондын хамаарлыг анх 1873 онд Хилт дэвшүүлсэн байдаг.
Хилтийн дүрмээр газрын гүний 100 метр тутамд нүүрсний дэгдэмхий бодисын гарц 2%-иар буурдаг болно. Түүнчлэн давхаргын даралт нь дэгдэмхий бодисын гарцтай харьцуулбал нүүрсний давхаргын чийгийн агуулгад илүү хүчтэй нөлөөлдгийг Хилт тогтоосон болно. Хүрэн нүүрснээс чулуун нүүрс, цаашилбал антрацит үүсэх процессыг метаморфизм хувирал гэж нэрлэдэг. Метаморфизм нь 3 төрөлд хуваагдана.
А. Шүргэлцлийн метаморфизм
Энд гол хүчин зүйл нь галт уулын лав, хий, халуун уур, газрын гүний дулаан гэх мэт дулааны нөлөө байдаг. Жишээ нь: Нүүрсний давхаргад  лав ойртсон байвал нүүрс хувиралд орж антрацит, графит хүртэл үүссэн байж болдог.
Б. Тектоникийн  метаморфизм
Энэ хувиралд даралт ба уул үүсэх процесс гол үүрэг гүйцэтгэнэ. Өндөр даралтын дор хувирал эрчимтэй явагддаг. Уул үүсэлтийн үед үрэлт, шахалтаас дулаан үүсэх тул шүргэлцлийн метаморфизм давхар үйлчилсэн гэж үзэх үндэс байдаг.


Энэхүү номыг татаж авахыг хүсвэл ЭНД ДАР

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.